Үерхээд хэр удсаны дараа гэрлэх нь зөв бэ?

|

Анхны болзоо, үерхэл, сүйн бөгж, хурим. Энэ бүхэн жил хүрэв үү үгүй юу хугацаанд болж өнгөрнө гэдэг романтик сайхан л сонсогдож байна. Гэхдээ ийм богино хугацаа өнгөрсний дараа хуримын ордон руу яарна гэдэг тийм ч ухаантай алхам биш. Сэтгэл судлаач, гэр бүлийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хосууд хамгийн багадаа л гэхэд бие биендээ үнэхээр тохирох эсэхээ мэдэхийн тулд ядаж нэг бүтэн жилийн хамтдаа өнгөрөөх хэрэгтэй гэнэ.

Гэрлэсний дараа гайхаж харамсахгүйн тулд бие биенийхээ муу талуудыг эртнээс мэдэж эвлэрэхэд хугацаа хэрэгтэй.
Дор хаяж зургаан сарыг хамтдаа өнгөрөөсний дараа нүд чинь нээгдэж нөгөө хүнээ таньж, өөрөө ч гэсэн юу хүсч байгаагаа ойлгодог болно гэж сэтгэлзүйчид зөвлөж байна. Та хоёр хэр удаан хамтдаа байна, төдий чинээ олон нөхцөл байдалд хамтдаа байж олон асуудлуудыг давах хэрэг гарна.
Найз залуу чинь гэрийн ажил хийхээс залхуурдаг уу? Тэр гэр бүл, найзуудыг чинь хүндэлдэг үү? Тэр ирээдүйгээ боддог уу? Та хоёр ямар нэгэн хүнд асуудлыг хамтдаа даван туулах нь ирээдүйд бие биедээ тохирох эсэхийг шалгах шалгуур болдог гэж The New Marriage номын зохиол Linda Miles (PhD) зөвлөж байна.
“Мансууруулах” үйлчилгээтэй допаминыг алга болоход хугацаа хэрэгтэй.
Энэ бол та хоёр анх нийлээд хамтдаа байх үед “ухаан санаагаа алдах” мэдрэмжийг төрүүлэх үүрэгтэй тархинаас ялгардаг бодис. Допамин хүнийг маш өөдрөгөөр сэтгэхэд хүргэдэг. Гэхдээ үүнээс болж зарим хүмүүс харилцаа нь тийм ч удаан үргэлжлэхгүй гэдгийг олж хардаггүй. Харин ийм мэдрэмж нь зургаан сараас жилийн дараа алга болдог. Жишээ нь эхний үед чи түүний аар саар дутагдлуудыг тэсч чадна гэж боддог байсан бол цаг явах тусам “дутагдлууд” нь чиний дургүйг хүргэж та хоёрын дунд асуудал бий болгодог.
Та хоёрын ирээдүйн төлөвлөгөө чинь таарч буй эсэхийг шалга.
Та хоёрын хайр ирээдүйтэй эсэхийг тодорхойлохоосоо өмнө үзэл бодол чинь таардаг эсэхийг бодоод үзээрэй. Мөнгөнд хандах хандлага чинь адилхан байж чадаж байна уу?
Та хоёр хоёулаа хүүхэд хүсдэг үү? Хэзээ? Ирээдүйд ямар амьдралыг хүсдэг вэ? “Харилцаагаа бат бөх байлгахын тулд хосуудын зорилго, үнэт зүйлс, сонирхол нэг байх ёстой. Тэдний сэтгэлзүйн хөгжил нь нэг түвшинд байх нь хамгийн чухал” – гэж Everybody Marries the Wrong Person номын зохиолч Christine Meinecke (PhD) зөвлөлөө.
Гэхдээ бид нэг жилийн дотор гэрлэчихсэн бүх хосуудын гэрлэлт салалтаар төгсдөг гэж хэлэхгээгүй шүү. Гэхдээ өөртөө болон түүнд бага зэрэг хугацаа өгч яагаад болохгүй гэж? Яарах зүйлгүй биз дээ? Тэгээд ч хэрвээ тэр үнэхээр чиний цорын ганц заяаны хань чинь мөн л бол жилийн дараа ч гэсэн хажууд чинь байж л байна шүү дээ.
 

Эх сурвалж:cosmopolitan.mn